Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Филиппой 1 : 6
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Эзэн Бурханы нигүүлсэл дор Улаанбаатар бэйс нь олон шинэ зүйлийн эхлэлийг тавьсан байна. Бидэнд сайныг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ бүрэн төгс болгоно гэсэн итгэл дор бид шинэ ондоо талархал дүүрэн орж байна. Бурхан таны амьдралд сайныг эхлүүлж, эхлүүлсэн сайнаа төгс болгоно хэмээн залбирч байна.
2025 онд бид 25 бүтэн цагийн стафф, 10 хагас цаг, 60 сайн дурын стаффын бүрэлдэхүүнтэй үйлчилсэн бөгөөд давхацсан тоогоор 2600 хүнд хүрсэн байна. Ийнхүү жил ирэх тусам үйлчлэлийн хил хязгаараа тэлсээр байна. Ирэх жилүүдэд илүү олон хүнд хүрч үйлчлэх хүсэлтэй байгаа бөгөөд үүний эхлэл болгон баазын өргөтгөл барилгын суурийг 5 сард тавьсан. Энэхүү барилга нь дараагийн үеэ бэлтгэх чухал баазын нэг юм. Бурханы эхлүүлсэн энэ ажлыг бүрэн гүйцэтгэлийг бид удахгүй харна гэж итгэж байна. Та бүхнийг ч бас үүний нэг хэсэг болохыг урьж байна.
Барилгын одоогийн явц |
Барилгын зураг төсөл |
2025 онд бидний хийсэн үйлчлэлүүд
Үгийн үйлчлэл
Үгийн үйлчлэлийн MISSION 66 баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй Бурханыг болон Библийн үнэний тухай хүн бүрт мэдүүлэх хараа дуудлагын дагуу үйлчилдэг. Бид 2025 онд 3 удаагийн хүүхдийн Библи кемп, хүүхдүүдэд библи заах багш нарыг бэлтгэх 2 удаагийн сургалт, 5 удаагийн семинар, 3 сарын Дагалдагч Библийн Сургуулийг хийсэн. Эдгээр үйлчлэлээр дамжуулан бид Бурханы Үгэнд хайртай, Үгийн дагуу амьдардаг, Үгийг зүрх сэтгэлдээ тээн илгээгдэх хүмүүсийг бэлтгэх зорилготой юм.

Өсвөрийн үйлчлэл
Өсвөрийн үйлчлэл нь "Итгэлийн бат бөх суурьтай, Бурхан дотор өөрсдийн үнэ цэн, хараа дуудлагаа мэддэг, нийгмийн талбарууд хийгээд үндэстнүүдэд нөлөөлөх залуу удирдагч нарыг бэлтгэх" хараа дуудлагатайгаар үйлчилдэг. Бид 2025 онд 3 удаагийн Өсвөрийн Дагалдагч Бэлтгэх сургалтаар 90 гаруй өсвөрчүүдийг сургаж, 1 удаагийн "Хаан Есүс" нэртэй конференц, Өсвөрийн удирдагч бэлтгэх стафф сургалт, кемп зэрэг үйлчлэлийг хийсэн.

Оюутны Үйлчлэл
Оюутны үйлчлэлийн баг нь 5 сарын хугацаатай Дагалдагч Бэлтгэх сургуулийг жил бүр хийж ирсэн билээ. Энэхүү сургуулиар дамжуулан бид Их сургуулийн оюутан, ажлын талбар дээр гараад удаагүй байгаа залуучуудыг Христийн дагалдагч болгон бэлтгэхийг зорьдог. Сургуулийн хүрээнд бид сайн мэдээ, дагалдуулалт, энэрлийн үйлчлэлүүдийг хийхээс гадна соёл дамнасан илгээлтийг хийдэг. 2025 онд тус сургуулийг 13 оюутан сурч төгссөн бөгөөд Төв Ази, Хятад руу 1 сарын хугацаатай илгээлтийн аяллыг хийсэн байна.

Олон Улсын Дагалдагч Бэлтгэх сургууль
Бид сүүлийн 3 жил дарааллан Олон Улсын Дагалдагч Бэлтгэх сургуулийг хийсэн. Энэхүү сургууль нь өөр өөр улсын, өөр өөр хэл соёлтой хүмүүс хамтдаа суралцаж дотоод гадаадын илгээлтүүдийг хийдэг билээ. 2025 3 сард бид 9 оюутан 9 стаффын бүрэлдэхүүнтэй 4 үндэстний хүмүүс хамтдаа суралцаж төгссөн бөгөөд Төв Азийн Киргизстан, Казакстан, Тажикстан болон Зүүн Өмнөд Азийн Тайланд, Малайз, Камбож Хятад улсууд руу илгээгдэн үйлчлэл хийсэн.

Номад үйлчлэл
Бид жил бүр YWAM Конагаас ирсэн Дагалдагч Бэлтгэх сургуулийн багтай илгээлтийн үйлчлэл хийдэг билээ. Энэхүү илгээлт нь 1 сарын хугацаанд малчин айлд хамтдаа амьдарч, тэдний ахуй соёлоос суралцан өдөр бүрийн амьдралын хэв маяг дотор үйлсээрээ Христийг гэрчлэн харуулдаг үйлчлэл юм. Бид өнгөрсөн жил Хөвсгөл аймаг руу явсан.

Олон нийтийн үйлчлэл
Бид 2025 онд нийтийг хамарсан конференци, сайн мэдээний хөтөлбөр, Магтаалын үйлчлэлүүдийг хийсэн. Үүнээс нэгийг онцолбол өнгөрсөн 8 сард болсон 1500 залуучуудын Free SEND конференци юм. Энэхүү конференцийн үеэр залуус Бурханы оршихуйд Түүний дуудлагад хариу үйлдэн " За " гэж хариулсан бөгөөд тэдний хариу үйлдэл бодит биеллээ олоход туслан бид 12 сарын эхэнд илгээлтийн сургалтыг зохион байгуулсан.
ON3- Спорт үйлчлэл
Бид спорт үйлчлэлийн хүрээнд долоо хоног бүрийн сагсны нөхөрлөл, дагалдуулалт хийж байгаа бөгөөд 12 сард чуулгануудын хооронд Сагсны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Эдгээр үйлчлэл маань чуулгануудыг нэгтгэх, залуучуудыг сонирхлоор дамжуулан дагалдуулах маш үр дүнтэй арга болж байгаа билээ.
Медиа үйлчлэл
Бид сошиал медиагаар дамжуулан итгэлээ гэрчилж, Христийг бусдад зөвөөр танилцуулах зорилгоор подкаст, гэрчлэлийн нэвтрүүлэг зэрэг контентуудыг хийж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний төлөө залбирч, хамт алхаж дэмжиж байсан эрхэм үйлчлэлийн хамтрагч танд гүнээ талархаж байна. Таны залбирал, дэмжлэг байгаа учраас бид энэ бүх үйлчлэлийг хийх боломжтой болдог билээ.
Залбирлын сэдэв :
-
Барилгын ажлын санхүү хангагдаж, ирэх жилийн 9 сард ашиглалтанд орохын төлөө
-
Стаффуудын гэр бүл, эрүүл мэндийн дээр Бурханы хамгаалалт, хангамж байхын төлөө
-
2026 онд бид агуу захирамжийн дагуу олон мянган залуучуудад хүрч, үр жимстэй үйлчлэхийн төлөө
-
Баазын бохирын шугам энэ сард хөлдөж гэмтэл үүссэн байгаа бөгөөд бохирын төв шугамтай холбож бүрэн засварлах хэрэгцээтэй байгаа бөгөөд хэрэгцээт санхүү бүрэн хангагдахын төлөө залбирч өгнө үү.
Барилгын одоогийн явц
Барилгын зураг төсөл